Friday, March 2, 2007

Герман улс, Ханновер хот, Лазерын судалгааны институт

2001 он. Lazer Zentrum Hannover

КТМС-д багшилаад нэлээд хэдэн жил болов. Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн үе хэмээн тодорхойлдог үед КТМС-н олон багш нар гадаад явж (ер нь бараг ихэнх нь эргэж ирээгүй шүү) байдал хэцүүдсэн үед бидний хэдэн залуучууд дөнгөж төгсөөд багш болсон бөгөөд олон зуун хүүхдүүдтэй ажилладаг нэлээд хүнд үе байсан учир цаг хугацаа хурдан өнгөрч нэг л мэдэхэд 4 жил багшилчихсан байсан. Сургуулийн хувьд тогтвор сууршильтай ажиллаж байгаа залуу багш нарыгаа урамшуулах нэг хэлбэр нь төрөл бүрийн хэлбэрээр гадаадад явуулдаг байв. Тэр жил ТИС-д залуу багш нарын дунд явуулсан хэлний шалгалтанд гайгүй оноо авсныхаа ачаар ХБНГУлсыг зорих болов.

Тэр үед нягтлан бодох бүртгэлийн програм бичиж эхэлсэн, мөн Uniface системийнхээ 2.0 хувилбарыг дуусгаад Удирдлагын Академи, Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулиудад суурилуулчихсан нэлээд ажил ихтэй байсан боловч энэ бүхнээ хаяад явахаар болсон юм.

Анх удаа Европд хөл тавьлаа. Би хувьдаа өндөр өндөр шил толь болсон барилгуудтай орчин үеийн хотод дуртай учир буурал Европ нэг их таалагдсангүй. Ажиллах институтдаа очлоо. Миний удирдлага гээд Яшке гээд герман залуу байна аа. Анх даалгавраа авлаа. Намайг "Invisible marking" гээд төсөл дээр програм бичүүлэхээр болвоо. Надтай цуг ажиллах нэг Чех докторант залуутай танилцууллаа, тэр энэ төсөл дээр 9 сар ажиллажээ.

Төслийн маань гол даалгаврыг хялбараар тайлбарлавал ийм юм. Лазер ашиглан ямар нэгэн гадаргуу дээр код хэвлэнэ (жишээ нь машины эх биеэн дээр ч юмуу). Дараа нь нөгөө гадаргуугаа будаж, кодыг харагдахгүй болгоно. Нууц тэмдэглэгээ хийсэн гэсэн үг. Тэрхүү нууц тэмдэглэгээг тусгай зориулалтын инфра камераар уншиж болно. Гэхдээ далд байгаа кодыг уншиж буй учир уншсан зургийн чанар тааруу, янз бүр байх болно. За ингээд л миний ажил эхэлнэ дээ. Нөгөө уншсан зургуудыг Зургийн боловсруулалтын алгоритм бичиж ялгаж таних програм зохиох ёстой.

Жишээ зургууд:
~ (+90 grad) ~ (-10 grad) ~ (+30 grad) ~ ( 0 grad)
















За ингээд ажилдаа орлоо. Эхлээд зургийг хар цагаан зурагт шилжүүлэх хэрэгтэй болов. Histogram үүсгэн threshold цэг тогтоон хар цагаан зураг үүсгэх ёстой боловч зургийн боловсруулалтын онолын дагуу хийвэл тухайн код маань ялгарч гарах магадлал тун муутай юм. Учир нь камераар авсан зургийн background нь тод хараас саарал руу уусалттай байх бөгөөд уусалт нь хаана ч байж болзошгүй тул histogram үүсгээд л шууд хар цагаан болчихгүй нь тодорхой болов. Зургийн боловсруулалтын баахан ном аваад үзвээ. Олигтой алгоритм олддоггүй. Тэгээд histogram байгуулах аргаа жаахан хөгжүүлээд нэг биш нэлээд хэдэн threshold цэгтэй байхаар болгож өөрчлөв. Энэ арга маань нэлээд зураг дээр гайгүй ажиллаж байсан боловч төгс болдоггүй. Тэгээд ажлаа тараад гэртээ байж байхдаа байнга боддог ажилтай болов. Гэтэл нэг өдөр нэг боломжийн санаа төрөөд явчихлаа. Өнгөний тархалт нь алаг цоог биш ууссан шинж чанартай байх тул гадна талын хүрээнээс нь эхлээд дотогшоо хумих байдлаар өнгө бодож олох нэг бяцхан томьёо бичээд нөгөөхөө ашиглаад алгоритм бичээд background зургийг нь үүсгээд хаясан чинь ерөөсөө background-ийг нь тэр маш цэвэрхэн тастаад авчихсан юм шиг гоё зураг үүсдэг байгаа. Тэгээд л ориг зургаасаа background-аа хасаад л бараг хар цагаан зураг гарч ирж байгаа юм, дараа нь histogram байгуулаад threshold цэг аваад хэдэн үйлдэл хийсэн л дээ гэхдээ л асуудал шийдэгдчихсэн зураг дээр учраас хялбар болсон. Тэгээд би бөөн баяр, хийсэн ажлаа боссдоо үзүүллээ. Босс гайхаад толгой сэгсрээд, энэ зургууд дээр үз гээд баахан юм өглөө, тэгсэн бүгд дээр нь OK ажиллаж байгаа юм чинь. Босс миний EXE-г аваад өөрөө баахан зураг дээр туршаад бас амжилттай болов. Босс хэлж байна аа, бид нар background зургийг нь гаргаж авах гэж 1000 удаа blur хийх алгоритм ашиглаж байсан боловч амжилт олоогүй гэж. Би бараг татаж унах шахсан шүү, тийм тэнэг байхдаа яахав дээ. Эсвэл сэтгэлгээ нь нэг загварт баригдчихсан зургийн боловсруулалт гэхээр л ийм үйлдлүүд байх ёстой тэднийг л заавал ашиглана гэж хамгийн түрүүнд боддог байх.

Тэгээд ажлын эхний оролдлого амжилттай болж хар цагаан зураг гаргаж авсан юм. Дараа нь тухай кодныхоо байрлалыг олж тогтоох, нэг cell-ийн хэмжээг олох, матриц үүсгэх, таних гээд зөндөө ажлууд хийсэн, гэхдээ эд нар нэг их хүнд байгаагүй. Харин код маань эргэсэн байгаа тохиолдолд эргэлтийн өнцөгийг олж тогтооно гэдэг нэлээд хүнд байсан. Эргэлтийн өнцөгийг олж тогтоосныхоо дараа тухайн өнцөгөөр координатын тэнхлэгээ эргүүлж байгаад дээрх алгоритмуудаа ажиллуулчихсан. Тэгээд л энэ ажил маань бүрэн дууссан даа. Аан тийм дараа нь энэ алгоритмоо өөр програм дээрээс дуудах DLL болгосон юм бна.

Надтай хамт ажиллаж байсан Чех докторант LabView дээрх бэлэн алгоритм, функц ашиглаад яг миний хийж байгаа юмыг өмнө нь 9 сар хийсэн цаашид ч надтай зэрэг хийсэн боловч дуусгаагүй, харин би Visual C дээр хийсэн бөгөөд ямар нэг бэлэн алгоритм, функц ашиглаагүй хийсэн бөгөөд 1 сар гаруйн хугацаанд дээрх бүх үйлдлээ дуусгасан.

Тэгтэл би харин магтаал биш харин эвгүй хандлагыг мэдэрч эхэлсэн шүү. Европынхон ялангуяа Германчууд Ази хүнд тааламжгүй ханддаг. Хамт ажиллаж байсан Чех залуу өөрөө хүлээн зөвшөөрөөд би үнэхээр муу програмист юм байна, гутарч байна гээд надад бас босст хэлсний дараачаас эхлээд надад босс таагүй хандаад эхэлсэн юм. Харин би тэр үед өөрөөрөө, би монгол хүн гэдгээрээ, хэвшмэл загвар сэтгэлгээнд баригдаагүй чөлөөтэй сэтгэдгээрээ дотроо ямар их бахархсан гээч. Ялгаагүй ямар ч монгол залуу миний адил сэтгэж хийж чадна шүү. Тэгээд Чех залуу маань нутаг буцсан, би нэг хэсэг дараачийн төслийн даалгавар авах хүртлээ зүгээр суусан даа. Зүгээр суух хугацаандаа өөрийн авч очсон олон CD дуунуудаараа free-mongolian-mp3-radio-station ажиллуулж байсан.

Хэсэг хугацааны дараа өөр шинэ төсөл дээр шилжиж, шинэ босстой болж, шинэ Испани хамтрагчтай болсон доо.

Дашрамд дурдахад зургийн боловсруулалтын талаар миний дээр хийсэнтэй ижил төстэй ажил хийх гэж буй бол би чадах чинээгээрээ тусалж дэмжихэд бэлэн байх болно.

Их дээд сургуулийн удирдлагын мэдээллийн Uniface систем

1998-2006 он

КТМС бол ШУТИСургуулийн тэргүүлэгч сургууль бөгөөд бүх шинэлэг ажлууд эхлээд КТМС дээр туршигдаад дараа нь ШУТИС-д нэвтрүүлдэг байлаа. 1998 онд КТМС-г кредит системд бүрэн утгаар нь шилжүүлэх болсон, мэдээж програмгүй бол кредит систем төвөгтэй тул ажлын хэсгийн бүрэлдэхүүнд програм бичих үүрэгтэйгээр Ц.Мягмарсүрэн бид 2 орж ажилласан юм. Үр дүнд нь Uniface програмын эхний хувилбар бичигдсэн түүхтэй.

Uniface 1.0 системийг хийгээд КТМС дээр нэвтрүүлчихээд дараа нь ШУТИС-н харьяа 6 сургуульд нэвтрүүлсэн юм. Тэр үед бид ШУТИС-н багш байсан болохоор биднээс ШУТИС-н харьяа сургуулиудад хямдхан зарах ёстой гээд лүндэн буулгаж хямд зарсны буянгаар 1 сургуульд бүртгэл мэдээллийн програм нэвтрүүлснийхээ хөлсөнд 37 мянган төгрөг авдаг болсон санагдаж байна (Тэр үед багш 80 мянган.төгрөгийн цалинтай байсан). Нэг удаа 37хон мянган төгрөг авчихаад бүхэл бүтэн сургуулийн мэдээллийн системийн үйл ажиллагааг удаан хугацаагаар хариуцаж ажиллана гэдэг үнэндээ зүгээр л буяны ажил юм. Тэр нь сургууль руу очих автобусны мөнгөнд хэдэн хоног болоод л дуусна биз дээ. Ингээд ер нь харьяа сургуулиудтай харьцахаа больж, багшийн ажлаа хиймээр байна гэж сургуулийн удирдлагууддаа хэлсэн юм.

2001 он боллоо.

Uniface системийнхээ 2.0 хувилбарыг дуусгаад Удирдлагын Академи, Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулиудад суурилуулчихсан нэлээд ажил ихтэй байлаа. Тухайн үед БАДАРЧ ректор манай сургууль дээр ирж бидэнтэй уулзаад бидэнд санал тавиад танай системийг ШУТИС-н хэмжээний том цогц систем болгоё гээд та нар төсөл хийгээдэх гээд удаа дараа хэлж, бүр загнаж байсан юм. Гэтэл Мягаа бид 2 тас гүрийгээд, за ер нь би л их гүрийсэн, бид нар хийхгүй ээ гээд гүрийчихсэн юм. Яагаад тэгсэн гэхээр бас учир шалтгаантай. Нэгд би ХБНГУ явахаар болчихсон байсан, хоёрт гэвэл өмнө нь ШУТИС-н харьяа сургуулиудад нэвтрүүлэх гээд авсан гашуун туршлагаасаа үндэслэн, БАДАРЧ ректорыг санал тавихад шууд тэр сэтгэхүйгээр хүлээж авсан бөгөөд сургуулийн багш байсан нөхцөлд хөдөлмөр маань яавч өндөр үнэлэгдэхгүй гэж бат итгэж байсан юм. Тэгээд л татгалзсан. Тендер зарлаж гадны байгууллагаар хийлгэхээр болсон, тэгээд ECM гэдэг шинэ байгуулагдсан компани ялж, UNIMIS гэдэг систем манайхтай зэрэгцээд бий болсон түүхтэй ажгуу.

2003 он.

Харин энэхүү системийнхээ 3-р хувилбарыг СТАРСОФТ ХХК-г байгуулсанаасаа хойш хийсэн бөгөөд илүү сайжруулсан хувилбар болсон учир олон их дээд сургуулиуд худалдан авч, Монголын төрийн өмчийн дийлэнх их дээд сургууль хэрэглэдэг том систем болоод байна даа. Одоо төрийн өмчийн 4 их сургууль, 10 хүртэлх тооны дээд сургууль, коллеж, академи энэхүү системийг хэрэглэдэг.

Анхны хариуцлагатай ажил

1999 он

Үүнээс өмнө олон програм зохиож байсан боловч ЧандманьСофт компаниа байгуулсны дараах анхны томоохон ажил мөн Мобиком корпораци хэмээх том байгуулагатай гэрээ байгуулсан гэдэг утгаараа би энэ ажлаа анхны хариуцлагатай ажил гэж боддог юм.

Програмчилалын баг маань би, Соёл-Эрдэнэ (Старсофт), Бат-Эрдэнэ (Датакомд байсан), Цэрэнбат (Статистикийн Төв газарт ажиллаж байсан) нарын 4 найзаас бүрдэв.

Мобиком корпораци Соёлын Төв Өргөөний ард байрлалтай байсан юм. Тэд 9911 үйлчилгээнийхээ дараа дөнгөж 9919 картын үйлчилгээгээ зарлаад байв. Би ч 9919 дугаарын эхний хэдэн хэрэглэгчдийн нэг болж гар утастай болсон байсан. Нээрээ гар утастай байхаасаа аймаар ичдэг байж билээ, тэр үед дандаа том боссууд гар утастай байсан учир КТМС дээр нэг муу багш гар утастай байхаар чинь ичихгүй яахав, хүмүүсээс ч их нуудаг, дуугарахаар нь хамаг хөлс урсчихдаг байлаа. КТМС-д хүмүүст мэдэгдчихвэл давхар компани ажиллуулж эхэлсэн маань мэдэгдчихнэ гээд айдаг, зарим хүмүүс ч хардаад эхэлчихсэн байсан (Зовоож байсан бол Sorry Ганбат багшаа ! КТМС дээр UNIFACE системээ хийгээд нэлээд явчихсан байсан мань хүн хариуцаж даргалж байсан юм).

Мобиком корпорацийн тодорхой хугацааны дараа шинээр нээх (9525, 9515) үйлчилгээний буюу Wireless Local Loop системийн төлбөр тооцооны системийг хийх даалгавар авлаа. Хуучин 9911 системийн төлбөр тооцооны програм хангамж нь text based өгөгдлийн баазтай C хэл дээр бичигдсэн програм хангамж байлаа. Үүнийг судлан шинээр Windows-ын орчны client/server технологи бүхий шинэ систем хийхээр болов. MSSQL 6.5 ашиглахаар сонгон авлаа. Мобиком корпораци талаас бидэнтэй ажиллах хүнээр Инжинаши найз тодорлоо. Биднээс 1 оймс илүү элээсэн учир илүү туршлагатай, ер нь л маш сайн программист залуу шүү. Түүнээс их зүйлийг сурч авсан даа, Мобикомд нэг хэсэг ажиллаж байгаад Америк явсан, одоо хаана юу хийж байгааг нь үнэндээ мэдэхгүй, мэргэжилээрээ л ажиллаж байгаа байх.

Програм маань товчхондоо Мобикомын хэрэглэгчдийн дотоод яриа (Цахилгаан холбоо руу болон Моби руу), гадаад руу ярьсан ярианы бүх төлбөр тооцоог бодох, өр авлага тооцох, мөн Цахилгаан холбоотой хийх тооцоог бодох зэрэг бодлогын даалгавартай байсан. SQL server ашиглан хийж байгаа учир бүх тооцоог stored procedure ашиглан хийсэн бөгөөд программын хувьд зөвхөн хэрэглэгчийн интерфейс байдлаар хэрэглэгдэхээр хийсэн. Хийж байх явцад гарсан хүндрэл нь олон мянган хэрэглэгч олон мянган дуудлага хийж тэрийг нь тооцоолох учраас бүх хийж байгаа үйлдлүүд болон бичиж байгаа SQL команд бүрээ optimization хийж аль болох хурдан тооцоолох хэрэгтэй байсан.

Тэр үед Мобиком Турк элчингийн хойно шинэ барилгаа барьж дуусаад тийшээ нүүж орсон бөгөөд бид ч шинэхэн баригдсан Мобикомын барилгын 3-р давхарт том өрөөнд орсон юм. Шинэхэн баригдсан барилгын 3-р давхарт бараг өөр онгорхой өрөөгүй шахам байхад бид хэд програм бичиж, уйдахаараа барилдаж, ноцолдож, ширээ дэрлэн унтаж олон шөнийг өнгөрөөсөн дөө. Сүүлд бодоход тэр сайхан шинэ өрөөг бараг нураагаад буцаагаад өгсөн байх шүү.

Бид хэд ямар ч байсан ажлаа төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж гүйцэтгээд, програмаа эх кодын хамт хүлээлгэж өгсөн бөгөөд Мобикомынхон цааш хөгжүүлэн танигдахгүй болтол өөрчилж бусад системүүддээ нэвтрүүлсэн гэж дуулдсан. Ажил дууссаны дараа биднээс Цэрэнбат найз маань Мобикомд програм зохиогчоор ажилд орсон юм.

Анх latin үсгээр галиглаад англи монгол нь мэдэгдэхгүй хачин тооцооны хуудас хэрэглэгчиддээ өгдөг байсан тэд шинэ үйлчилгээнийхээ тооцооны хуудсыг Монгол хэл дээр бас ч үгүй боломжийн дизайнтай хэвлэж өгдөг болсон бөгөөд Мобикомын хэрэглэгчийн тооцооны хуудсыг хараад би үүнийг хийсэн шүү гээд бодоход сайхан байдаг байсан шүү.

Оюутан цагийн дурсамж

Бидний оюутан байх үе ч одооныхтой харьцуулахад хэцүү байж дээ. Наад зах нь унших ном байхгүй, сургуулийн номын санд хэдхэн хуучирсан онолын голдуу орос номуудтой , түүнийг нь уншаад бараг ойлгохгүй (Уг нь 10 жил орос хэл үзсэн). Програм зохиогч болох гэж байгаа тул компьютер гээч зүйл хамгийн чухал, гэтэл хүслээр хясна гэгчээр компьютер олох гэдэг бол өвсөн дотроос зүү эрэхээс бараг хэцүү байлаа.

Лабораторийн хичээлд хэдэн XT, 286 компьютер дээр суух гэж хамаг байдаг арга чаргаа хэрэглэнэ. Лабораторийн хаалга онгойгдох агшинд хаалгаар зодолдох нь зодолдож, мөлхөх нь мөлхөж, цэвэр хүч чадлын тэмцэл хийсний эцэст нэг юм компьютертой болно. Ердөө 10-аад хүн компьютер олж аваад бусад нь зугаалахаас өөр аргагүй болно доо. Хүч чадлын тэмцэл хийж байгаа учраас мэдээж охидууд компьютергүй хоцрох нь элбэг. Арай гэж олж авсан компьютер маань хард дискгүй хурд гэж яст мэлхий. Одоо миний хэрэглэж байгаа гар утасны процессор гэхэд 220MHZ буюу тэр үед бидний суудаг байсан компьютерын процессороос 10-20 дахин илүү хурдан.

Компьютер олохын тулд сургуулиуд хэсч явдаг, би голдуу төв ТИС-н компьютерын лабораторид ногоон дэлгэцтэй XT компьютер олж аваад нүдээ ногооноор эргэлдтэл суудаг байж дээ. Тэгээд баахан том 360kb багтаамж бүхий диск авч явна. Түүн дээрээ DOS үйлдлийн систем, tools-үүд, Turbo C, тэгээд л баахан бодлогууд хадгалаастай, аан тийм бас бөөн вирустэй. Бодлогыг ч хэдэн зуугаар нь даалгаварт өгдөг түүнийг нь бодох гэж хамаг цагаа бардаг байв. Сургууль дээр хамгийн сайн компьютер нь 401 тоот өрөөнд байдаг хэдэн 386 байсан шиг санагдаж байна. Тэнд дандаа ахлах курсын ах нар сууна (нүдний шилтэй аймаар мэдлэгтэй харахад сүрдмээр) . Тэнд суудаг байсан ах нар бол одоогийн Интерактив компанийхан. Бид нар 401-н хаалгаар шагайгаад л шүлсээ гоожуулаад л, ийм лаг компьютер дээр хэзээ нэг сууж үзэх сэн гэж мөрөөдөөд л... ХАХАХА

Сүүлд 20MB билүү дээ хард дисктэй компьютер дээр суудаг болсон боловч дээд курсын нөхдүүд (Мандалын ангийнхан) өөрсдийн хийсэн зүйлсээ хадгалаад, floppy дискийг нь салгаж байгаад boot түвшний нэг хамгаалалт хийчихнэ. Тэр нь үнэн лайтай хамаг боломжийг хаана, юу ч хийлгэхгүй. Тэгэхээр нь би дандаа отвёрктой явдаг болсон юм. Лаборантийг байхгүй үед шууд процессорын тагийг нь онгойлгоод, floppy дискийг нь залгаж байгаад A-гаас DOS ачаалаад, дараа нь diskedit.exe гэж нэг гайхамшигтай програм хангамжийн тусламжтайгаар partition болон boot дээр байгаа нөгөө хамгаалалтын програмыг үзнэ дээ. Тэгээд нөгөө хамгаалалтын программынх password-оо хадгалдаг газрыг нь олоод blank password болгож байгаад орчихдог боллоо. Гэхдээ ингэснээр нөгөө password хийсэн нөхөрт би юм хийгээд байгаагаа мэдэгдчихдэг байсан тул сүүлд оролдож байгаад бүр нууц үг асуухыг нь InActive болгож чадсан юм. Ингээд л diskedit.exe гэдэг гайхамшигтай програмын тусламжтайгаар partition, boot-тэй танилцаж, boot virus хаана байрладгийг мэдэж, бас FAT, FAT32 файлын системийн бүтцийг ойлгосон юм. Тэр үед вирус гэж одоо үеийнхээс арай илүү хорлонтой, идэвхжих хугацаа нь болоход шууд хард дискний эхнээс эхлээд л мэдээллийг нь устгаж, эсвэл тодорхой тэмдэгтээр дүүргэж эхэлдэг байлаа, идэвхжингүүт нь айгаад PC-гээ унтраасан бол азтай мэдээлэл нь сэргэдэг, жаахан удаан тээнэгэлзэж хүлээсэн нь хохирдог байсан юм. Diskedit программынхаа тусламжтай олон ч хүний эвдэрсэн файлын системийг засаж, алдсан устгасан хэрэгцээтэй файлуудыг нь сэргээж өгч байсан даа. Одоо бол бэлэн сайхан програмууд гараад ирж, гэхдээ л файлын системийн бүтцийн талаархи мэдлэггүй хүн мэдээлийг найдвартай сэргээх магадлал муу шүү.

Компьютер ховор байхын хэрээр олохыг хичээж, мөрөөдөж, сурахын төлөө тэмүүлж байсан юм даа. Нээрээ курсын ажлаа бичгийн машинаар шивж байснаа саначихлаа. Компьютер ховор юм чинь принтер бүр ойлгомжтой биз дээ.

Интернэт гээч агуу ертөнц даанч биднийг оюутан байх үед Монголд бараг байхгүй байж.

Ном зохиол, интернет байхгүй байсан учраас нэг юм хийж үзэхийн тулд маш олон дахин туршиж, оролдож байж нэг юм болгодог байв. Одоо үед технологи хөгжөөд програм бичиж сурахын тулд зүгээр дэлгэцээ ширтээд, чихэвчээ углаад сууж байхад л багш бүгдийг хийж үзүүлээд заагаад өгдөг болж дээ.

Ийм үед оюутан залуус богино хугацаанд их юмыг мэдэж сурах бололцоо бүрджээ. Хичээгээрэй залуусаа, Монголын Мэдээллийн технологийн хөгжлийн хурдац та бүхнээс л шалтгаална шүү.